Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2012-12-31
Миний дүүрэн шинэ жил

Миний амьдралдаа үдэж өнгөрүүлсэн хуучин шинэ хоёр оны цааг дээрх хамгийн аз жаргалтай тэр мөч хамгийн сүүлд эрхэм гэр бүлийхэнтэйгээ өнгөрүүлсэн шинэ жилийн тэр нэгэн үдэш байсан юм. энэ бол 2001 оны 12 сарын 31-ээс 2002 оны 1 сарын 1-нд шилжих тэр үдэш байлаа. Би долдугаар ангийн сурагч байсан юм. Тэр өвөл  их цастай өвөл байсан ба манай сумын төв битүү цастай яг л цас мөсний бяцхан орон шиг их л сайхан байсан юм.

Тэр жилийн шинэ жил жил жилийхээс илүү гоё онцгой байсан санагддаг юм. тухайн үед манай гэрийн ойролцоо сумын төвийн голд том гацуур босгож бас гэрлэн чимэглэл мөсөн барималууд хөгжим гэрэл гэгээ гээд л сум даяараа доргиод их л хөгжилтэй өөрөөр хэлбэл миний амьдралдаа үзэж буй хамгийн гоё шинэ жилийн үдэш байсан юм. сургуулийн хүүхдүүд шуугилдаж гүйлдээд л...магадгүй тэр үеийн миний үеийн хүүхдүүд ч бас тэр өвөл тэр шинэ жилийг санаж байгаа байх. Харин манай ам бүл таван ханатыхаа дунд багтаж ядсан аз жаргалтай байсан юм. Аав минь тэр намар сумын засаг даргын ажлыг хүлээлгэн өгөөд анх удаа 31 ны өдөр гэртээ оройжин гэр бүлээрээ байсан тэр үдэш. Хөөрхий минь бүхэл бүтэн 10-аад жилийн дараа хоёр ах  бид гурвыг  он гархаас өмнө хурдан гэртээ орж ирээрэй гэж хэлж суусан аавыхаа нүднээс  би жаахан гуниг олж харж билээ. Учир нь 10 жил хийсэн ажлаа үгүйлээ биз дээ. Дээр нь хоёр ах бид гурав гадаа сольют буудаад л хүмүүс бужигнан байсан яг л өдөр шиг шинэ жилийн орой гэртээ тогтож байж чадахгүй гарч гүйгээд байсан юм. Харин эгч ээж хоёр хоол ундаа бэлдээд л.

 Мөн тэр шинэ жилээр аав минь надад шинэхэн гацуур авч өгч, эгч аймгаас олон өнгөөр асдаг гэрэл бас ууттай бэлэг авчирч өгсөн учир хэдий долдугаар ангийн том охин ч гэсэн яг л жаахан охин шиг хөөрч баярлаж гүйсэн хүн тэр орой манай гэрт байгаагүй юм. Эгч маань аймгийн арван жилийн сургуулиасаа чөлөө аван ирсэн  хоёр ах хоёулаа их сургуулиа төгсөж ирээд гэртээ халуун ам бүлээрээ шинэ оноо угтсан тэр нэгэн шинэ жил дахиж хэзээ ч надад ирэхгүйгээр дэндүү жаргалтайгаар зүрхэнд минь хадгалагдсан юм. Оргилуун дарс буудуулаад л аав ээждээ үнсүүлж аавыхаа ерөөх сайхан үгсийг сонсож зогссон тэр нэгэн жилийн шинэ жилийг одоо ч үгүйлсээр.

          Дараа жилийх нь шинэ жилээр аав минь ододтой шинэ жил тэмдэглэхээр тэнгэр өөд харвачихсан байсан учираас өнгөрсөн жилээ санагалзан бидэнтэй адилхан уйтгартай гэрэлтэх аавын авч өгсөн гацуурыг хараад  эзгүйрсэн хоймор дахь аавыхаа суудал дээр сууж нээх их уйлж билээ.  Тэр жилээс хойш нүүдлийн шувуу шиг бид зүг зүгт нисэн одоцгоож одоог хүртэл манай гэр бүл халуун ам бүлээрээ цуглаагүй л байна. Тэр дундаа би сүүлийн хэдэн жил ганцаараа шинэ жил угтахдаа зөвхөн тэр шинэ жилийг бодож зүрх сэтгэлдээ халгин байна. Зөвхөн зүрх сэтгэлээрээ аавтайгаа нутагтайгаа ах эгч ээжтэйгээ, хайртай түүнтэйгээ шинэ жилээ угтаж баяр хөөр аз жаргалын төлөө урагшилсаар. Ирж буй шинэ жил бүхэн шинэ содон гэрэл гэгээ сайн сайхан бүхнийг тээж ирдэг гэдэгт би итгэдэг.

 


Сэтгэгдэл:


тэврэлт
Бичсэн: xvv цаг: 20:50, 2013-01-01 | Холбоос | |


гоё шүү
Бичсэн: Зочин цаг: 17:21, 2012-12-31 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax