Таны сэтгэлд...
бичсэн: ulaankaa, 2016-05-19, 11:21

Ааваа наана чинь цас ордог уу
Аль эсвэл алимны мод ургадаг уу
Ар араасаа одсон
Амьдралын андуудтайгаа
Аяга тагш сархад хүртэн хүүрнэх
Бороотой өдрүүд тохиодог уу
Ааваа наана чинь
Олон хүн оршино уу
Алс нь би
Амьдралаа дуусгачихаад
Араас чинь очоод
Гараас чинь хөтөлж болох уу
Ааваа наана чинь
Гол мөрөн урсдаг уу
Авснаасаа ангижраад
Хөвж чөлөөлөгддөг үү
Нар ямар өнгөтэй манддаг вэ
Сарны туяа хэрхэн тусдаг вэ
Ааваа наана чинь
Дуу дуулж, шүлэг бичиж болдог уу
Амраг хайрын сэтгэл амьдардаг уу
Хээгүй тэнгэр гэж байдаг уу
Хязгааргүй олноор шувууд нисэлддэг үү
Ааваа наана чинь
Би очиж болох уу
Ахиад охин чинь биш
Аав нь ...
бичсэн: ulaankaa, 2016-05-16, 19:24
Чимээгүйн дундаас чи гарч ирнэ
Чин сэтгэлийг надаас шалгаана
Чийгтэй байсан ч асаж би чадна
Чихээ таглаад хоёулаа хамт урсана
Урсаж дуусах хүртэлээ
Уйтгар гуниг ганцаардлыг
Хамтдаа шатааж дуусгана
бичсэн: ulaankaa, 2016-05-14, 16:35

Үл мэдэх газарруу
Үлдээгээд нисчихсэн хүмүүс
Тэнд очоод
Хоорондоо уулзаад...
Тэгээд бас намайг
Хүлээж байгаа гэж итгээд
Уртаас урт аялалд
Үүрд явна даа гэж боддог
бичсэн: ulaankaa, 2016-04-30, 10:20

Яагаад үргэлж гунигладгийн чинь талаар
Гуниглахаараа илүү үзэсгэлэнтэй болдогийн чинь талаар
Инээд чинь яагаад ийм хол байдгийн тухай
Инээхээрээ ихэмсэг хийгээд
Илүү нууцлаг болдогийн чинь талаар
Зүүдлээд сэрэхээрээ яагаад тийм баяртай болдгийн чинь талаар
Зүүдэлсэн тэр зүүдээ ярих
Яагаад тийм дургүйн чинь талаар
Тэнгэрээс дээр амьдрал бий гэж
Тэнд хэн нэгэн чамд зориулж
Төгөлдөр хуур эгшиглүүлдэг гэж
Үдэш бүр надад итгүүлдэгийн чинь тухай
Үүргэвчээ үүрээд тийшээ явахдаа
Намайг хэзээ ч дагуулж явдаггүйн чинь тухай
Ганцаардалтай яагаад сүүлэрдэгийн чинь тухай
Ганцаардхаараа яагаад
Аз жаргалтай болдогийн чин...
бичсэн: ulaankaa, 2016-04-19, 11:19
Ганцаардалтай
Гараа барилцсан чигээрээ
Ганц шөнө
Сүүлчийн удаа
Хамт хоночихоод л...
Маргааш...маргааш...
Маргааш магадгүй санах вий гэхээс л...
бичсэн: ulaankaa, 2016-04-01, 11:37
Чи намайг
Үл үзэгдэх манан гэнэм
Би чамайг
Хур хураасан бороо гэнэм
Чи өөрөө мянган төрлийн
Замтай
Тэр замаараа
Гал асаан
Түймрийн оч шиг
Цахилан өнгөрдөг гэдгээ мэддэггүй
Би өөрөө зуун төрлийн
Аягтай
Тар аягаараа
Ус ундарган
Уулын гол шиг
Урсаад өнгөрдөг гэдгээ мэддэг
Чиний мянган замаар би
Зуун аашаа үүрсээр гэтэлнэ
бичсэн: ulaankaa, 2016-03-25, 12:23

Мянган давхар байшингийн
Мянга дахь давхарын дээвэр дээр
Хөлөө унжуулан суугаад би
Хөх чүдэнзээр тамхиа асаан
Хөц тарианы талх иднэ
Шавьж шиг харагдах машин
Жаран хөлт шиг харагдах зам
Цох шиг харагдах нэг давхар байшин
Ор тас харагдахгүй хүмүүс
Амьд хүмүүс намайг
Онож харж чадвал
Амиа хорлох нь гэж
Айж сандарна
Аль эвсэл тоохгүй
Шувууд хүртэл
Надаас дээш хөөрөхөд
Зүрх нь дийлэхгүй
Шунал хүсэлт хүний амьдрал л
Яг хажууд надтай хамт байна
Мянган давхар байшингийн
Мянга дахь давхарын дээвэр дээр би
Миний гэсэн бүхнээ аваад
Талхны үүрмэг шиг хийсээр
Тамхины утаа шиг сарнихаар......
бичсэн: ulaankaa, 2016-03-07, 20:21

Ирээдүйгээс би төрөөд
Өчигдөррүү мөлхөж явав
Энэ хол зайд надад
Нэжгээд гутал олдов
Өвдөгнөөсөө дараагийн зуун дахь
Нялх өвсний үрийг би гөвөөд
Өндийж босоод
Хөл дээрээ алхав
Ирээдүйгээс өчигдөр хүртэл
Эрин зуун байдгийг би мэдрэв
Өчигдөрөөс би төрөөд
Өнөөдөррүү алхаж явав
Энэ хол зайд надад
Элээж дуусамгүй ганцаардал олдов
Гуталнаасаа энэ зуун дахь
Гундаж эвэршсэн сэтгэлийг би унагаад
Олсон ганцаардлаа туучаад
Амьдрал өөд мацав
Өнөөдрөөс өчигдөр хүртэл
Өвгөрч өтлөх төдий цаг хугацаа байдгийг би мэдрэв ...
бичсэн: ulaankaa, 2016-03-03, 11:03
Сар...
далайд туссан сарны тусгал...саранд тохиосон одны мөчлөг...
...Хэлбэргүй бас галбиргүй...гэгээхэн бас тунгалаг...худал хуурмаг үгүй.
...Яаж сар чам шиг тас харанхуйг нэвтлэн тусаж гийх гэгээн сэтгэл дунд орших вэ...
Яаж далай чам шиг дэлхийн тэнхлэг дээр үнэнээр цалгин, цадиггүйгээр давалгаалах вэ...
Яаж од чам шиг бачим үгүй уудам хязгааргүйгээр мөнхөд гялалзах вэ...!
..яаж......
бичсэн: ulaankaa, 2016-03-03, 10:54
Чи намайг яв гэвэл би
Давалгаа болон далайд уусна
Чи намайг хайрла гэвэл би
Далай мэт уужим сэтгэл болно
Чи надад ирээч гэвэл
Далайн чанадаас цахлай болон нисэж очино
Чиний төлөө би далай болно
Чимээгүй чанадаас нь мандах
Саран болон гийнэ