...Хатсан навч дээрээс
Бороо шиг асгараад
Халуун бүгчим агаар
Хоолойруу замаг шиг урсаад
Хавар уу? аль эсвэл намар уу?...
Өррүү минь лавсагнан урсах нялуун бүгчим агаарт угаартан сэрлээ. Өнөөх л агаар хөдөлгөөнгүй хэв хэвээрээ, нөгөөх л уйтгарт өглөө хөшингө янзаараа хөшигний цаанаас залхуутай гөлөрнө.
Дэлбээгээ хумиж амжилгүй ширүүн бороонд цохиулаад ишин дээрээ арай ядан тогтон үлдэж, шалба норсон дэлбээгээ ядрангүй сэгсрэх хаврын хэнзхэн цэцэг адил аньсага минь нээгдэж өгөхгүй ядна.
Гэгээн өглөөг харах дургүйдээ биш гэрэлт нар намайг мишээн тосдоггүй болохоор би өндийж шууд босолгүйгээр нүдээ анин ийнхүү хэсэг хэвтдэг юм.
Сэргэлэн шувууд уралдан жиргэхгүй, дээрх тэнгэр ч цэнхэртэхгүй. Цав цагаан үүлс бөөн бөөнөөрөө элдэв дүрс үүсгэн шавааралдах нь бүү хэл хуйлран нүүх тухайд бол мөрөөдөөд ч хэрэггүй. Үзүүр хязгааргүй манан өлмийнөөс эхлээд үйзэн биш тэнгэрийн энгээр нэг битүү татана. Үргэлж шүү.
Бороо орох нь хүртэл дэргэдэх байшингийн дээвэр дээр үүргэлэн суух муур нулимав уу гэлтэй дусал дуслаар, тэгсэн мөртлөө зогсохоо мэдэхгүй үргэлж “яншина”. Үүрээр час хийтэл хайрах хүйтэн байтугай өөдтэйхэн жиндүүлэх салхи ч алга. Яг л сүнс сүг мэт хорсолтой жихүүцүүлэх үлбэгэр...Энэ цагаас нь дөнгөж саяхан салсан ч хавар ирлээ гээд галзуу мэт догдлуулчих юу ч алга.
Өвөл гэмээнэ өвлөөрөө хавар гэмээнэ хавраараа, чухамдаа л улирал гэмээнэ улирлаараа байдаггүй нэг л орог саарал орчилд орж ирснээр өнөөдөр 540 дахь хоногийхоо өглөөтэй нүүр тулаад байгаа маань энэ.
Нүүр нүдгүй шавхуурдах цасан шуурга, гэнэт садран асгарах аадар бороо, хилэгнэн цахилах цахилгаан, тэнгэрийн дуу, ээх шиг ээж жаргах шиг жаргаж мандах шиг манддаг нар, үй бумаараа очирон гялтганах шөнийн одод, цагаан шөнийг бүтээх гайхамшигт сарны тусгал хийгээд өдөрт хэдэн янзаар өөрчлөгдөх хурмастын ааш аягт орооцолдсондоо би амьд байгаагаа мэдэрч байгаль эхтэйгээ холбогддог байж.
Тиймээ санаж байна аа эх орноо. Үндэсхэрхэгжиж цээжээ дэлдсэндээ ч биш шөнө нойтон дэрэн дээр зунгааран хоноод өглөө нь ингэж нозоорон сэрдэг болохоороо халуун элгэн нутгаа санаж байгаагаа мэдэрсэн юм. Одоо л энэ мэдрэмжээ эмрэх ухаан суулаа гэж үү би. Ижий энтэй эх нутгийхаа торгон хэвлийд элэг зүрхээрээ эрхлэн хөрвөөмөөр.
Нар. Тйимээ би эх орныхоо нарыг санаж байна. Ертөнц дэлхийд нар цор ганц байдаг гэдэгт эргэлзэж эхэлсээн би. Энхрий нутагт минь ээдэг өөр нэгэн сувдан нар байдаг гэдэгт итгэж эхэлсэн би. Аль эсвэл миний газар шороо дэндүү үзэсгэлэнтэй болохоор алтан наран дурлачихаад хайр энхрийллээ мэдрүүлэх гэж өдөр бүр цацраг юугаа харамгүй хайрладаг байх. Хүч чадлаа харуулах гэсэндээ тэгэж хурцаар ээдэг биз ээ.
Өнө олон жил зүрхэнд минь, цусанд минь, сэтгэлд минь хадгалагдсан мэдрэхүй энэхэн оршилд үүрнээсээ үргэн гарч дэлхийн энгээр ч хэмжигдэхээргүй ихээр хязгааргүйн уудамд дүүлэн жиргэн байна. Тийн жиргэдэг болохоор би эх нутгийхаа нарыг өглөө бүр сэтгэлдээ мандуулах гэж урагшгүй бүүдгэр өглөөний энэ тэнгэр дор ийнхүү түр азнан хэвтдэг юм.
“ Сэтгэлд минь ихэмсгээр мандах миний эх орны нарны цацраг бүр эд эсээр минь тархан үсчинэ. Ус гүйлгэнэж цэлхэрч хоносон нойтон нүдийг минь сэнгэнэсэн нэгэн цацраг хатааж амжих тэрхэн ашгинд би нүдээ нээнэ. Ирээч гэж даллан дуудах эх нутаг ижий хоёрын минь цэцгэн зам, сүүн өнгөтэй шувуун цуваа нүдний өмнө цувран ганганасаар сэтгэл хэмээх мэлмэрч дуусдаггүй тэр л нууранд минь үдлэн буулаа. Мэгшиж ханадаггүй бодлын хүлээлт цочин сэргэж сэлүүр далбаагүй хөлөг болон хувирваа. Хүсэл санаашрал тэвчиж азнасангүй хүчит нэгэн хуй дэгдээн хүлээлтийн хөлөг онгоцыг эрэг тийш урсгалаа. Бэтгэрч гансарсан би бээр байдгаараа гоёчихсон хөлгийн тавцан дээр заларчээ. Үсээр минь салхи даашинз урлаж, үнэрээр минь нар мөнхийн ус бүтээхэд би мансууран өлмий дээрээ өндийлөө. Хөл доор минь хүүхэд ахуйн тоглож өссөн чулуун тоглоом минь хөглөрч байхыг би мэдэрлээ. Хатсан цээжрүү минь танил агаар хайр найргүй садрахад ханаж цадхаа мэдэхгүй би дэвхэрэн бүжиж эхэллээ. Шаахайны минь өсгийг элээж үзээгүй эх орны минь зөөлөн хөрс мөн байна. Гарийн минь аясаар бороо асгарч эрх бага насаар минь өчнөөн наадсан солонго титэм болон толгой дээр минь өөрөө заларчээ” хэмээн би зүрх сэтгэлийхээ гүнд мөрөөднө. Цонхийж гүйцсэн хацарт улаа бутарч халуу дүүгэхэд сая л нэг сэхээ авав. Эх орныхоо төрийн далбаан дор ээжийхээ зургийг нүүрэндээ наагаад инээмсэглэн зогсож байгаа өөрийхөө дүрийг шүүгээнийхээ толинд олж харав. Ямар жаргалтай бүсгүй өөдөөс харах нь энэ вэ.
Одоо хангалттай. Орог саарал орчилоос гарч явахаар шийдлээ би. Одоо зөвхөн ирээч гэж даллан дуудах эх орон ижий хоёрын сүүн замтай шувуун цуваа л өмнө минь зурайна.
Эх орон... Ээж. Ямар гоё үгс вэ. Хэлэхэд хайран. Хайрлахад ч дэндүү багадмаар. ...
“Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас эрдэм их өвөрлөн ирэв үү гэж үү? Тиймээ эрдмээс ч илүү эхийг. Зүрхрүүгээ би зөндөөн шорвог нулимас урсган байж эх орноо мэдэрсэн. Эх орон гэж юу юм бэ?
Эх орон гэж үү? Эх орон гэж цементээр хөшөө босгоод цээжээ дэлдэхийн нэр биш юм бил ээ. Зүгээр л үгээр хэлэхийн аргагүй, хүнд аз жаргал бэлэглэдэг тэр нэгэн сайхан зүйл.”
Зүрхрүүгээ урсгасан шорвог нулимс эх нутагт минь гадагшлах тэр цагт би хэн нэгэнд ингэж хэлнэ. Шорвог байлаа гээд нулимасыг минь эргүүлж надруу цацахгүй миний газар шороо.
Өррүү лавсагнан урсах нялуун бүгчим агаар минь эндээ үлд дээ. Эх дэлхийн нэгээхэн хэсэг болохоор инээмсэглэн чамаас салая. Цээжрүү садрах цэв цэнгэг агаар намайг хүлээж байгаа.
...Цэцэгс дээрээс
Бороо шиг ороод
Цэнгэг амттай агаар
Сэтгэлрүү рашаан шиг гулсаад...
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих
