Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...

Хараагаараа унтах онгод

бичсэн: ulaankaa, 2014-08-27, 13:36
1409119085

Харанхуйн аниргүйг хөгжөөсөн
Хачин өнгөтэй онгод хүүхэн
Хананы цаанаас нохойгоо дуудана
Хав хув хар хур тэр ч бас унтаагүй

Гудамны шонгийн сүүдэртэй
Гурайтатлаа архиралдана
Онгод авгайн сэтгэл хөөрөлд
Оройжин хууртагдана

Хялганы толгой хэрчин
Хөл мэдэн гүйх нохой
Хатуу дарсанд согтон
Хараагаараа унтах онгод хүүхэн






Зүрхгүйгээр амьдарч чаддаг

бичсэн: ulaankaa, 2014-08-23, 16:29
10347802_725868487485470_4072213859677038466_n
Зүрхгүйгээр бас хувцасгүйгээр
Зөнгөөрөө бас нүдээ аниастайгаа
Гутал ч үгүй ганцаархнаа
Гуниг ганцаардлыг мэдрэх мэдрэмжгүйгээр
БИ АМЬДАРЧ ЧАДДАГ

Тэр үед ертөнц
Хар өнгөөр будагдсан байдаг
Тэр гэх цагаан өнгө л
Зүүдээр минь хөтлөн зугаацдаг


Зохиогүй нүд

бичсэн: ulaankaa, 2014-08-23, 15:44
1408780210
Эзэндээ зохиогүй
Усан нүд
Усан борооноор тайвширдаг
Бүүдгэр нүд
Бухал өвсөнд дурлах
Жинхэнэ нүд
Бусдад үзүүрлэгдсэн
Ганцаардмал нүд

Хэнд ч ойлгогддоггүй
Цоож зүүсэн нүд
Хэрээний зүг удаан ширтдэг
Тавширсан нүд
Шөнийн харанхуйд айдаггүй
Цэнхэр нүд
Шүүрс алдмаар
Нууц хадгалсан нүд



Яг одоо нэг л удаа

бичсэн: ulaankaa, 2014-08-23, 12:46
06f3fbbdcf7fe80721a9b71cac9168f1

Нэг л удаа хашгираад цээжин доторх хүлээс тайлагддаг бол...
Нэг л удаа ганцаардаад ангижрахгүйгээс ангижирдаг бол...
Нэг л удаа зугатаад дурсамж бүрээс алсардаг бол...
Нэг л удаа үнэнд бүдрээд дахин худлаад төөрдөггүй бол..

Яг одоо нэг л удаа...


Хэзээ нэгэн цагт би ээж болно

бичсэн: ulaankaa, 2014-08-22, 11:44

10516739_677759468999022_3050246777398886790_n
Хэзээ нэгэн цагт би ээж болно

Хэвлийдээ халуун амь бүтээнэ

     Бие болоод сэтгэлээ

     Хайраар сүлээд хуваана

     Бүтэн шөнийг хагаслаад

     Үрдээ өөрийгөө зориулна

 

Хэзээ нэгэн цагт би ээж болно

Хэлтэрч хагарсан сэтгэлээ

Бүтэн болгоод зөөллөнө

Элээний сүүдэр тусахгүй гэсэндээ

Зүрхэн дотроо шигтэгнэ

Эргэх амьдрал байдаг бол

Эжий заяанд л дахин төрнө

 

Хэзээ нэгэн цагт би ээж болно

Хэн ч бүтээж чадахгүй

Тийм хүмүүнийг урлана

Халуухан хошуунд нь дулаацна

Хамаг орчлонг өнгөтөөр харна


Хэзээ нэгэн цагт би ээж болно
Харыг зайлуулж цагааныг татана

Хүйтэн халууныг үл анзааран

Хорвоо ертөнцийг туулна


...

Дэр модон дээр...

бичсэн: ulaankaa, 2014-08-08, 12:43
1407474180

Галт тэрэгний
Хуучин дэр модонд
Ганцхан миний хөлийн мөр гараагүй

Дэр модон дээр толгойгоо тавиад
Тэнгэрээс түүнийг явуулаач гэж харуулдсан

Чийг даасан үүрээр
Тэрнээс салаад явсан
Тэр өдрийн мэдрэмж
Одоо ч надаас салаагүй



Өөртөө согтоо

бичсэн: ulaankaa, 2014-07-01, 19:30
WaitingOnAFriend300
Дурлалын тойрог минь
Битгий тасар

Дугуйран эргэлдсэн хэвээрээ
Тархи толгойг минь эргүүл

Эрмэгтэй биет болон
Битгий намайг зүс

Энэ чигээр минь л
Өөртөө согтоон мөнхөл

Түймэр тавьдаг

бичсэн: ulaankaa, 2014-07-01, 19:27
Тэмээлзгэнэ минь
Чиний чимээгүй нисэлт
Тэртээ холоос аниргүйхэн ирээд
Түрмэгхэн өөрчлөгдсөн
Бодол санаанд минь
Түймэр тавь орхидгийг чи мэдэх үү


Энэ хайр гэдэг чинь

бичсэн: ulaankaa, 2014-06-09, 17:06
10367177_643211509095551_2670248085505104500_n(1)

Ямар гээч гэгээлэг ертөнц вэ
Энэ хайр гэдэг чинь
Яс маханд минь шингэсэн
Гуниг гутралыг үргээгээд

Үхэхгүй юм шиг санаж
Үүрд гэж амлаад л
Үүлэн дээр хөвж
Усан дээр алхаж амьдраад л

Ямар гээч гэгээлэг ертөнц вэ
Энэ хайр гэдэг чинь

Зүүд ёрын зөнтэй

бичсэн: ulaankaa, 2014-05-22, 13:10
Зүүд ёрын зөнтэй

Сав саруул аав минь
Салхины аясаар
Нөмгөн тэрлэгтэй
Туугдан алхан одсон

Тэр нэгэн ёрын зүүд
Тэнгэрт очиж биелчихээд
Хангай шиг сайхан аавыг минь
Хайрцаглаад  харанхуйруу одсон 

Зүүд ёрын зөнтэй болохоор
Зүүдээ манахыг би хүсдэггүй