Таны сэтгэлд...
бичсэн: ulaankaa, 2014-12-11, 22:04
Хамгийн гоё даашинзыг
Аав минь надад
Өмсгөсөж бэлэглэсэн
Дахиж би хэзээ ч
Нүдээ анивчих чөлөөгүй
Тийм тансагханаар
Даашинз эмэрч үзэхгүй
Дахиж би хэзээ ч
Тосгоны чулууг үсчүүлэн
Тийм цагаахнаар
Дэгэж дэрвэж гүйхгүй
Дахиж би хэзээ ч
Алтан нөмрөг өмссөн мэт
Тийм эхэмсэгээр
Даашинзны хормой дэрвүүлэхгүй
бичсэн: ulaankaa, 2014-12-11, 21:52
Нуруун дээр минь дарсан
Урт үс минь баяртай
Намар намрын навчисны чимээг
Надтай хамт сонсож
Хавар хаврын борооны үнэрт
Надтай хамт согтож
Баяр жаргалд минь баясан
Анхны цэцэгстэй зэрэгцэн ургаж
Зовлог гунигт минь дасаж
Сүүлчийн галт тэрэг шиг
Хамж аваад хадгалсан
Урт үс минь баяртай
Нулимсаараа чамайг
Сүүлчийн удаа услаад
Нууж чадахгүй гунигаа
Чамтай хамт хийсгэлээ
...
бичсэн: ulaankaa, 2014-12-08, 17:27
Цугларсан их гомдлоо
Сэтгэлрүү нь цутгаж дундараахад
Цуглуулж урсгаад арилгадаг
Урсгал ус, ижийн сэтгэл хоёр
Үргэлж ариун байдаг
Нүдэнд багтахгүй нулимсаа
Энгэрт нь эгшээж тайвширахад
Нүгэлийг эрхшээж уучилдаг
Нүцгэн үнэн хайр нь
Нулимсанд минь ивлэж ундардаг
Цаст ууланд мөргөж
Буян хишиг хурайлахдаа л
Цагаан хяруу хатсан
Ижийнхээ насыг анзаарлаа
Араас минь хөөн өртөөлөх
Цаг хугацааг тоолохдоо л
Амийг минь даан бөхөлздөг
Хонгорхон ижийгээ саналаа
Бурханг дуудах талархлын өчилөө
Ижийдээ л зориулж өчнөм
Бурхан гэж байдаг бол
Ижийдээ л зориулж амар мэндийг гуйя
...
бичсэн: ulaankaa, 2014-12-06, 17:10
Өөрөө би аялгуунд дурласан өнгө
Өнө мөнхийн бодлын гүүрэн дээр бүжих дуртай
Сар нарны хооронд сархад зөөх сиймхий
Савлууран дээр суугаад сонат хөгжөөх дуртай
бичсэн: ulaankaa, 2014-12-06, 17:06
Манай хотын нээлтгүй нэгэн чөлөөнд
Мартагдашгүй төрсөн өдрийн эзэн алхаж явна
Малгайн дээрх чамин тогосны өд нь
Шөнийг үл тоосон солонгын явдалт хотыг гижигдэнэ
бичсэн: ulaankaa, 2014-12-06, 17:04
...Ганц балгаад согтох дарс
Ганц ширтээд дурлах нүд
Ганц үнсээд салах болзоо
Ганц амьдраад ханамгүй
Мөнхөд шатах хүсэл...
бичсэн: ulaankaa, 2014-12-06, 01:06
Миний байхгүй хийгээд байгаа орон зайд
Чиний байгаа хийгээд байхгүй орон зайд
Түм буман цэцэгс дэлбээгээ хумхилгүй хөлдөж
Түм буман навчис ногооноороо хатаж
Амьдралд мянга нэг удаа нар гийхийн цагт
Амьдрал бас нэг удаа сар шиг бүдгэрэхийн цагт
Чиний байгаа хийгээд байхгүй орон зайд
Миний байхгүй хийгээд байгаа орон зайд дурсамж л оршино...
А.Б
...
бичсэн: ulaankaa, 2014-11-27, 17:26

У
ул нь өндөр ертөнцөд
Өвгөдөө шүтэж залбиръя
Ус нь тунгалаг хорвоод
Сэтгэлээ ариусган амьдаръя
Нар нь гийсэн замбуулинд
Эцэгийнхээ нэрийг нандигная
Намхан буурал ээждээ л
Нас нэмж явъя
Хөрс нь зөөлөн орчлонд
Хөл алдахгүй аяглая
Хүний өөрийн гэлтгүй
Сайныг санаж хүсэе
Тэнгэр нь цэлмэг дэлхийд
Тэнцэж босохын цагт
Тэр л үйлсийн буян
Өнөө хийгээд
Үр хойчийг минь ивээг ээ...
бичсэн: ulaankaa, 2014-11-23, 20:30

Мянга мянган цахлайн дундаас
Миний залуу нисэн ниссээр
Бүргэд болон наддаа ирсэн
Мянга мянган чулуун дундаас
Миний ханхүү тэмцэн тэмцсээр
Уул болон намайгаа нөмөрлөсөн
Мянга мянган горхи дундаас
Миний баатар урсан урссаар
Далай болон надруу давалгаалсан
Мянга мянган зүрх дундаас
Миний хайр л намайг танин
Амьдрал болон сэтгэлийг хөглөсөн
...
бичсэн: ulaankaa, 2014-11-07, 11:21

Олноос олон өдөр
Чиний тухай зүүдэлсэн
Очоо ч үгүй ирээ ч үгүй
Хүлээлт л тэнд манантсан
Дахиж би зүүдэндээ
Тэр төрхийг харахгүй
Далай шиг тэр сэтгэлийг
Чамруу урсгаад дууссан
Уучлал, халамжийг
Дахиж чамаас гуйхгүй гээд
Уруулаа улаанаар будаад
Үргэлж инээмсэглэхээр шийдсэн
Далд хийгээд мартсан
Даашинзаа гаргаад бэлдсэн
Дахиж чи намайг
Дэрвэгэр даашинзаа өмсөөд
Дэгэж гүйхийг минь л харна
Өөр хүн болгож
Өөрөөс минь намайг нууссан
Өлчирхөн зүрхэн дээр чинь
Өндөр өсгийтөөр товшлон бүжнэ
Хайр гуйхыг минь
Дахиж чи сонсохгүй
Хамгийн сайхан ирээдүйрүү
Чамгүйгээр би
Залуу настайгаа хамт
Цааш гүйлээ...